1. Чихрийн шижин

Чихрийн шижинтэй хүмүүсийн дунд АГ нь чихрийн шижингүй хүмүүсийнхтэй харьцуулахад 1,5-2 дахин илүү олон тохиолддог. АГ ба чихрийн шижин зэрэгцэн орших нь ЗСӨ-ний ХХЗ-ийг үржүүлэхийн хүрд адил нэмэгдүүлдэг. АГ-гүй чихрийн шижинтэй өвчтөний амьдрах хугацаа илүү урт байдаг. Чихрийн шижин ба АГ хоёулаа судасны өвчний гол ХХЗ болдог.

АГ ба чихрийн шижингийн анхны эмчилгээ нь ажил амьдралын хэв маягийг өөрчлөхөд чиглэсэн байдаг. АД-ийг буулгах эмчилгээ түүний дотор шээс хөөх, b -блокатор, АХФ-г саатуулагч эмийг хэрэглэж байгаа чихрийн шижинтэй өвчтөний зүрх судасны хүндрэл буурч байгаа нь нотлогдсон. Эмийн бус аргуудаас биеийн жинг бууруулах арга хэмжээ нь инсулинд мэдрэг байдлыг багасгаж, даралтыг ч бууруулдаг нь тогтоогджээ .

2. Настай хүмүүс

Настай хүмүүсд ЗСӨ-ний эрсдэл илүү байх магадлалтай учраас эмчилгээг эрт эхлэх нь үр өгөөжтэй.Настай хүмүүсийн даралт ихдэх нь эрхтэн системийн элдэв хүндрэлд амархан хүргэх аюултай. Иймээс эмчилгээнд эрт авах шаардлагатай. Эмийн тунг багаас нь эхэлж үр дүн гарах хэмжээнд нь хүргэх, ялангуяа шээс хөөх эмийг бага тунгаар удаан хугацаанд хэрэглэх нь зүйтэй. Настай хүмүүст липидийн солилцооны хямрал бага байдаг учир липидийн хямралд чиглэсэн эмчилгээг онцлодоггүй. Настай хүмүүсд АГ нь тархины цусны хямралд их хүргэдэгийг бодолцох хэрэгтэй.

3. Тархины судасны өвчин

Манай оронд АГ-н гол хүндрэл нь тархины судасны цусны эргэлтийн хямралаар илрэх нь элбэг тохиолддог. Иймээс АГ- тэй хүнд энэ талаар их анхаарч эмчилгээ хийх хэрэгтэй. Урьд өмнө нь тархины инсульт болж байсан өвчтөнд АХФ саатуулагч, шээс хөөх эмийг хавсран хэрэглэхэд давтан инсульт болох аюул 30%-иар буурч байжээ. АГ-тэй хүмүүсд тархины судасны хямралын хүндрэлээс сэргийлэхэд эмийг хавсарч хэрэглэх хэрэгтэй.

4. Титэм судасны өвчин

Урьд нь титэм судасны өвчнөөр өвчилсөн хүмүүс АГ-н үед давтан өвчлөх өндөр магадлалтай. Ийм хүмүүсд зүрхний шигдээсээр давтан хүндрэх ба ЗСӨ-өөр нас барах тохиолдол жилдээ 5% буюу түүнээс их байна. Энэ хүндрэл нь АГ-н түвшинтэй шууд хамааралтай. Зүрхний титэм судасны өвчтэй хүмүүст дээрх хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд нэгдүгээрт богино буюу удаан хугацаагаар бета-блокатор хэрэглэх, хоёрдугаарт аспириныг бага тунгаар удаан хэрэглэх нь чухал.

5. Бөөрний өвчин

АГ нь бөөрний өвчинг үүсгэх шалтгаан нь ч мөн, үр дагавар ч мөн билээ. АГ нь гарал үүслээсээ шалтгаалан бөөрний өвчний цаашдын өрнөлт хүндрэлийн гол шийдвэрлэх хүчин зүйл нь мөн. Хорт буюу түргэн явцтай АГ, бөөрний артерийн нарийсал болон атероэмболийн өвчин нь бүгд АГ-н улмаас болох хоёрдогч чанартай бөөрний өвчний шалтгаан нь болдог. Бөөрний архаг дутагдал буюу протейнурийн үед АД-ыг бууруулах эмчилгээг дорвитой эрчимжүүлэх нь зүйтэй. Протейуритай өвчтөнд АД-ын доод хэмжээг 125/75 мм.МУБ, хөнгөн хэлбэрийн үед 130/80 мм.МУБ-д хүргэх хэрэгтэй

6. Зүрхний архаг дутагдал

ЗСӨ-тэй хүмүүс архаг дутагдлаар нас барах эрсдэл өндөртэй байдаг. Зүрхний дутагдалтай бөгөөд АГ бүхий өвчтөнгүүдэд даралт бууруулах эмчилгээний үр нөлөөний талаар мэдээ сэлт тун хангалтгүй билээ. Зүрхний дутагдал буюу зүүн ховдлын дутагдалтай өвчтөнгүүдэд АХФ-ийг саатуулагчдыг хэрэглэн нас баралтыг 1/6 бууруулж байна. Зүрхний архаг дутагдалтай үед бета-блокатор хэрэглэхгүй байх хэрэгтэй. Зүрхний дутагдалтай хүмүүст кальцийн антагонистын үзүүлэх нааштай үр нөлөөний талаар тодорхой баримт гараагүй байна.